Зээлийн гэрээ, анхаарах зарим асуудал
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Зээлийн гэрээ, анхаарах зарим асуудал

    Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлийн гэрээг байгуулах хэлбэр
Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулах нь дараах ач холбогдолтой.
1. Хүү, алданги авах боломжтой. Амаар байгуулсан гэрээнд хүү, алданги тооцох боломжгүй болохыг хуульд заасан байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаар хүү, алданги авах;
2. Нотлогооны ач холбогдолтой. Зээлийн гэрээг амаар хийснээр маргаан үүссэн тохиолдолд талуудын хооронд өгсөн, авсан мөнгөний хэмжээг нотлоход хүндрэл үүсэх нь түгээмэл байдаг. Зээлийн гэрээг бичгээр хийснээр зээлийн хэмжээ, нөхцөл, эргэн төлөх хугацаа, зээлийг буцаан шаардах зэрэг үйл баримтыг нотлох;

Зээлийн хүү
Хүү төлөхөөр тогтоосон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба хэрэв гэрээг бичгээр байгуулаагүй бол Зээлдэгч нь Зээлдүүлэгчээс хүү авах эрхгүй. Зээлийн гэрээний хүүг талууд харилцан тохиролцож тогтооно. Зээлийн хүүгийн хэмжээ нь хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байхаар бол зээлдэгч нь шүүхэд хандаж зээлийн хүүг багасгах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд Зээлдэгч нь зээлийн хүү нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь илт хохиролтой болохоо баримтаар нотлох шаардлагатай.

Үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги тооцох
Талууд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол алданги тооцохоор тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаг. Мөн алдангийн дээд хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар тогтоосон байдаг.

Баримт үйлдэх
Зээлийг бэлэн мөнгөөр Зээлдэгчид өгөх, мөн буцааж бэлнээр төлөх тохиолдолд “Мөнгө хүлээлсэн тухай баримт”-ыг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулах нь зээлийн гэрээнээс учирч болох эрсдэл, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, мөнгөн төлбөрийн хэмжээг нотлох ач холбогдолтой. Хэрэв та иргэнтэй энгийн зээлийн харилцаанд орох гэж байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулах, гэрээгээр заавал тохирох зүйлсийг гэрээндээ тусгах болон дээр дурдсан зүйлсийг анхаарах зэргээр зээлийн гэрээтэй холбоотой түгээмэл үүсдэг эрсдэл, хүндрэлүүдээс сэргийлээрэй.

Энэхүү мэдээллийг үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бөгөөд Өмгөөллийн “Төв Консалтинг” ХХН-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ гэж үзэхгүй. Та дээрх мэдээлэл, зөвлөмжийг ашигласнаар манай байгууллагатай эрх, үүргийн хувьд холбогдохгүй бөгөөд та энэхүү зөвлөмжид тулгуурлан аливаа үйлдэл хийхээс өмнө хуульчаас зөвлөгөө авна уу.