Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээ
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар "Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээ"-ний зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд ажиллах хүч ханган нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд буюу Ажиллах хүч нийлүүлэгч нь Хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа өөр ажил олгогчид “Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээ”-ний үндсэн дээр ажиллуулж болохоор хуульчилсан.

Танай компани ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээгээр ажилтан авч ажиллуулах гэж байгаа бол юун түрүүнд ажиллах хүч нийлүүлэхээр гэрээ байгуулж буй хуулийн этгээд нь хууль, журмын дагуу бүртгүүлж, гэрчилгээ авсан эсэхийг нягтлаж шалгах шаардлагатай. Ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээд нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-нд бүртгүүлснээр Ажиллах хүч ханган нийлүүлэх үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Дараагийн анхаарах ёстой асуудал нь ажилтан авч ажиллуулах гэж буй “Хүлээн авагч” хуулийн этгээд нь хуульд заасны дагуу дараах тохиолдолд “Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээ”-ээр ажилтан авч ажиллуулж болно. Үүнд:
- Зургаан /6/ сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил үүрэг гүйцэтгүүлэх;
- Хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон хууль ёсны ажил хаялтад оролцож байгаагаас бусад тохиолдолд ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах;
- Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах шинжтэй ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх;
- Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах шаардлага нөхцөл үүссэн; - Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх нөхцөл үүссэн зэрэг болно.

АНХААРАХ: Ажиллах хүч ханган нийлүүлэх гэрээнд тусгайлан заагаагүй асуудлаар үүсэх хариуцлагыг “Хүлээн авагч” хариуцах тул гэрээ байгуулахдаа гэрээний заалтуудыг тодорхой, ойлгомжтой тусгаж аливаа үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

Энэхүү мэдээллийг үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бөгөөд Өмгөөллийн “Төв Консалтинг” ХХН-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ гэж үзэхгүй. Та энэхүү зөвлөмжид тулгуурлан аливаа үйлдэл хийхээс өмнө хуульчаас зөвлөгөө авна уу.